Юм л оёод байгаа. Оёдлынхоо гогцоо бүрт он цагийг бөхлөн хадаж байна. Юм л оёод байгаа. Орж гарах зүүнийхээ мөнгөлөг туяаг ширтэн ширтэн олон чухал зүйлсээ бодож амжаад байгаа. Дурсамжаа хөглөн байх зуураа мартсан заримаа сэргээн санаж байгаа. Дуусгалгүй үлдээсэн зохиолуудынхаа баатруудтай дуу аялан элдвийг ярилцаж байгаа. Дундуур нь самран орж ирэх дүрсгүйхэн охиноо өвөр дээрээ эрхлүүлэн түр завсарлаж, дүнхийх Богд ханыхаа оргилыг зуурхан ширтчихээд суниаж байгаа. Юм л оёод байгаа. Бодлын гүн лүү шургалан тухлаад болж өнгөрсөн бүхнээ нэхэн санаж байгаа. Бор шувуу шиг бяцхан үрсийнхээ бойтогны хонхны жингэнэх дууг болж өгвөл зүрхэндээ гүн шигтгэж байгаа.
Шигтгэж оёсон утас бүхэндээ шийдмэг татсан хүслийн учигаа шингээж байгаа. Сэмхэн өндийж орчиноо харчихаад л сэтгэлийнхээ аглагт тухалж байгаа. Саваагүй зарим бодлыг үргээх сануулга болгож хурууныхаа өндгийг зүүгээр хатгачихна. Сайн сайхан, гэрэл гэгээ бүхнээ сар жилүүдийн уртад ч үл ханзрахаар бөхлөн оёсон учиг бүртээ шингээж байгаа. Юм л оёод байгаа, найз нь...
![]()







"Хишигт" дурсамжит тууж
Миний хайртай ном. Хэзээ мөдгүй төрөх дөхчихсөн байхдаа сэтгэлийн их хямрал өртөж, зарим нэг анд нөхөр гэгчийн үнэн дүрийг олж мэдсэний дараах богино хугацаанд дурсамжийнхаа гүнээс олж харсан ухаарлынхаа үр шимийг энэхүү номд буулгаж байсныг та бүхэн санаж байгаа. "Хишигт" туужийг бодит амьдралаас сэдэвлэсэн бөгөөд хэвлэгдсэн цагаасаа хойш дунд сургуулиуд, хүүхдийн зуслангууд болон гадаадын олон орноор монголчуудын маань дунд аялж, гар дамжин уншигдаад байгаа билээ. "Алтан-Өд" 2011 наадмын тэргүүн шагналыг хүртэж байсан энэхүү тууж уншигчдын хүсэлтээр дахин хэвлэгдэв.
5000 төгрөгөөр бүх номын дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа.


